Худалдаа Түрээслүүлнэ Шинэ орон сууц Улаанбаатар хот Авто машин

Орон сууцны үнийн уналт цаашид ч үргэлжлэх нь


2015-03-19

Орон сууцжуулах хөтөлбөр буюу ипотекийн тодотголтой жилийн найман хувийн хүүтэй зээлийг олгоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Ингэснээр орон сууцны эрэлт ихэсч  үнэ нь тэнгэрт хадсан гэж хэлж болно. Харин сүүлийн үед орон сууцны үнэ буурлаа гэх таатай мэдээлэл сонсогдох болсон. Гэвч энэ нь эдийн засаг, иргэдийн амьдралд сайн, муу янз бүрийн үр дагавартай.

Орон сууцны үнэ буурах болсон шалтгаан юу вэ?

Сүүлийн хэдэн сар орон сууцны үнэ тогтмол буурч байгаа үзүүлэлт гараад байгаа. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар энэхүү орон сууцны үнийн уналт цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа аж. Өмнөх онуудад тогтмол өсөлттэй буюу дунджаар 28 орчим хувиар өсч байсан орон сууцны үнэ сүүлийн саруудад тогтмол унах болсон шалтгааныг олон талаар тайлбарлаж байгаа юм.  Энэ үнийн уналтад нилээд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзсэн байна. Тухайлбал хамгийн ихээр нөлөөлж байгаа голлох хүчин зүйл бол мэдээж эдийн засгийн хямрал. Эдийн засгийн өсөлтийн удаашралыг эдийн засагчид гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, нийт эдийн засагт гаднаас болон дотоодоос нийлүүлэгдэж байгаа мөнгөний хэмжээ багассанаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж байгаа.

Мөн төрөөс хямд үнэтэй орон сууц захиалан бариулж эхэлсэн нь өндөр үнэтэй орон сууц авахгүй байх сэтгэлгээг нийгэмд төрүүлж эхлэсэнтэй холбоотой аж. Цаашлаад нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлт ч үнэ буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Учир нь иргэд нь хашаа байшингаа зарж байрны урьдчилгаа мөнгө болгохоос илүүтэй байраар солих хүсэлтэй болсон нь мөн нөлөөлөх хүчин зүйлийн тоонд орж байгаа аж.

Найман хувийн зээлд хамрагдах чадвартай иргэдийн тоо буурч байгаа нь үнийн уналтад нөлөөлж байгаа.  Энэ бүгд судалгаагаар батлагдсан талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа юм.

Орон сууцны зээлийн зохицуулалт муу байна

Манай улсад орон сууцны зах зээлийг зохицуулах төрийн тодорхой, тогтмол бодлого байхгүйн улмаас орон сууцны үнэ тэнгэрт хадсан гэж хэлж болно. Орон сууцны үнэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл бол эрэлт, нийлүүлэлтийн харьцаа байдаг. Цаашлах юм бол хүн амын өсөлт, хотжилт, өрхийн орлого, банкны хүү, инфляци гээд олон олон зүйл нөлөөлдөг. Манай улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгоод 10 гаран жилийн нүүрийг үзэж байгаа ч өнөөдрийг хүртэл зохицуулалт гээд байх зүйл байхгүй. Тиймээс энэ олон барилга, үнэ, чанар , замбараагүйтэл гээд асуудлууд ар араасаа урган гарч гол хохирогч нь иргэд болж байгаа юм.Мөн эдийн засгийн хямралын үед зөөлөн үлээхэд ганхахаар байгаа нь манай улсын барилгын салбарын түвшинг илтгэж байгаа юм.

Орон сууцны үнэ буурах нь сөрөг талтай

Аливаа бүхэн хоёр талтай байдаг хэмээн бид бүхэн ярих дуртай. Тэгвэл үүний адилаар орон сууцны үнийн уналт нь эргээд зах зээлдээ сөргөөр нөлөөлж эхлэсэн аж. Өөрөөр хэлбэл борлуулалтгүй болсон барилгын компаниуд авсан зээлээ төлж чадахгүй, ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй болж байгаа. Ийм байдал удаан үргэлжилвэл барилгын салбар томоохон хэмжээний хямрал үүсэх нь дамжиггүй.

Энэ нь одоо яригдаад байгаа валютын урсгалаас хамааралтай төлбөрийн тэнцлийн хямралаас ч аюултай нөхцөл байдлыг эдийн засагт үүсгэж болох аж.

Харин орон сууцны үнэ буурлаа гэж байгаа ч төлбөрөө 100 хувь төлөх нь байтугай урьдчилгаа мөнгөө дийлэхгүй иргэдэд төдийлөн хамаараад байх асуудал биш юм. 

Энэ бүгдээс харахад орон сууцны зээл уян хатан биш байснаас ийм асуудал үүсч байгаа болов уу гэсэн таамаг байгаа юм. Иргэдийн амжиргааны түвшинд таарсан нөхцөлтэйгөөр тоотой хэдэн хүрээг хамрах биш харин бүх нийтийн дундажид нийцүүлсэн орон сууцны зээлийг олгосон бол өнөөдөр эрэлт, нийлүүлэлт аль аль нь хэвийн үргэлжлэх байсан байж болох юм.

 

zindaa.mn